Freitag, 16. November 2012

Japan

Morning rush hour in Tokyo Shinjuku station. There is a lot of people.
But they will find their own way well and give other way.


Maybe Molor likes the bike.


Station is large or small is not important, important at Station Square bus stop must be. I recommends it, in Ulaanbaatar station forecourt to create bus stops.

The station is Ilmenau in Germany. Also exactly bus stops are located outside the train station. Bus and train are both mass transport. It must be integration between train and bus transportation.

Traffic lights are working as usual, the other countries. Green rush for paralel with pedestrians. Important driver needs is to stop to allow pedestrians to cross the road.








Dienstag, 26. Januar 2010

Сургууль, Зам, Автомашин мөн хүүхдүүдэд зориулсан мөнгө

ХБНГУ-ин их эвсэлээс дэлхийн эдийн засгийн хямралтай холбогдож гаргаж буй хөгжилийн түлхэц болох эдийн засгийн хүч нь тус улсын түүхэнд урьд өмнө хэзээ ч байгаагүй юм. Үүнийг Stuttgarter Zeitung сонины 2009 оны 1 сарын 14 ний дугаарт хэвлэгдсэнийг тоймлон бичлээ.
Засгийн газрын их эвсэлээс нийтдээ 50 Миллиард Еврог „Герман улсын төлөө“ эдийн засгийн хөгжилд түлхэц болгохын тулд Хөгжилийн багц зориулан гаргаж байна. Холбооний Канцлер Ангила Меркелийн хэлсэнээр иргэдийн худалдан авах чадварыг дээшлүүлэхийн тулд Татвар бусад Хураамжыг бууруулах замаар 18 Миллиард Евро зориулах юм байна. Улс, мужууд болон нийгэмлэгүүд нийтэдээ 17,3 Миллиард Евро өөрсдөдөө авч, Боловсрол, Дэд бүтэц мөн байгаль хамгаалалыг дээшлүүлэхэд зориулана. Холбооны засгийн газрын хүсэлтээр эдгээр хөрөнгө оруулалтын багдаа л тал хувь нь 2009 ондоо багтааж гаргах юм байна. Үүний зэрэгцээгээр Иргэд болон Үйлдвэрүүд татварын дарамтаас хөнгөлөгдөнө.
Боловсрол: Нийтдээ 8,67 Миллиард Еврог улс, мужууд сургууль, цэцэрлэг, дээд сургуулиудын барилгын засвар болон тохижилтонд зориулан хөрөнгө оруулалт хийх юм. Энэ нь холбооны засгийн газраас гаргаж буй хөгжлийн багц бодлогын, боловсролын салбарт гаргаж байгаа гол хэсэг нь юм байна. Холбооны судалгааны яамнаас гаргаж байгаа мэдээлэлээр энэ хөрөнгө оруулалт нь хангалтай хүрэлцээтэй бөгөөд, Германы 45000 сургууль бүрт ойролцоогоор 100000 Евро зориулагдана. Боловсролын салбарт гаргаж буй нийт хөрөнгө оруулалтын гуравны хоёрыг сургууль цэцэрлэгт, гуравны нэгийг их, дээд сургуулиудад төлөвлөжээ. Судалгааны яамны сайд Аннетте Счаваний хэлж байгаагаар ХБНГУ боловсролын салбарт урьд өмнө ийм их хэмжээний хөрөнгө оруулалтыг хэзээ ч гаргаж байгаагүй юм байна.
Орон нутгийн дэд бүтэц: Орон нутгийн дэд бүтэцийг шинэ дэвшилтэй болгохын тулд, юуны өмнө Эмнэлэг, хот байгуулалт, хөдөөгийн дэд бүтэц мөн дуу чимээ бууруулахад (Автомашины болон үйлдвэрийн) зориулж холбоо болон мужууд 4,67 Миллиард Евро гаргана. Үүний 3,5 Миллиард Еврог холбоо, эвсэлээс үлдсэнийг нь мужууд гаргах юм.
Хөрөнгө оруулалтын хүсэлт: Хөрөнгө оруулалтыг хурдавчлахын тулд Берлинээс хөрөнгө оруулалтын журамд өөрчлөлт оруулах юм байна. Барилгын хязгаарлалтай хөрөнгө оруулалтын хүсэлт нь одооноос захиалгын үнэ нь 1 Миллион хүртэлх Евро болно. Барилгын захиалга нь 100 000 хүртэлх Евроны хүсэлтэнд ямар нэгэн хязгаарлалтгүй юм байна.
Холбооны хөрөнгө оруулалт: Холбоо болон мужууд хамтран санхүүжүүлэх төсөлд холбооны засгийн газраас 4 Миллиард Евро бэлэн болгосон байна. Тээврийн хэрэгсэлийн зам болох Авто, Төмөр ба усан замуудыг шинээр барих болон шинэчлэн засахад мөн холбооны яамны судалгааны төвүүдэд зориулагдана.
Хүүхдүүдэд: Холбооны засгын газраас хүүхэд бүрт сарын тэтгэмж дээр нэмж нэг удаа 100 Евро өгжээ. Үүнд их орлогтой гэр бүл хамаарагдахгүй юм байна. Харин удаан ажилгүй байгаа иргэдийн хүүхдүүдэд энэ нэмэгдэх болж: 6-13 насний хүүхдүүдийн сарын тэтгэмж 246 Евро болтол өсөх болно.
Автомашин: Автомашин үйлдвэрлэгч нарт зориулж гурван шинэ зүйлээр тусламж хүргэх юм. Хуучин машинаа хэрэглээнээс гаргаж, шинэ Автомашин худалдан авахад 2500 Евро олгоно. Үүнд одоогийн машин нь 9 жил болсон байх ёстой. Үүнээс гадна шинэ автомашины худалдаа нь урьдаас төлөвлөж байсан СО2 чиглэгдсэн Тээврийн хэрэгсэлийн татвартай харилцан хамааралтай байх юм. Холбооны засгийн газар автомашин бүтээгч нарт зориулаж шинэ технологи зохион бүтээхэд нь гараа сунгана. Тээврийн хэрэгсэлийг экологи байдалыг дээшлүүлэхэд жишээлбэл Хубрид хөтлөгч, шатах материал хадгалалтын технологи илүү хөгжүүлэхэд зориулаж хоёр жилд нэмж 500 Миллион Еврог зээл тусламжын хэлбэрээр гаргах юм.
Татвар бууруулалт: Энэ жил татвар төлөгч нар нийт 2,9 Миллиард Еврогоор чөлөөлөгдөнө. Дараагын жилд 6 Миллиард болгох юм байна. Ганц бие хүүхэдтэй болон хүүхэдтэй гэр бүлийн нэг нь ажил хийдэг бол жилийн дундаж орлогоос хамааран татвараас тодорхой хэмжээгээр хөнгөлөгдөнө. Татварын хөнгөлөлтөнд мөн дунд үйлдвэрүүд ч хамаарагдана. Ерөнхийдөө татвар нь бүх талаараа багасан байна.
Эрүүл мэндийн даатгал: Улсын эрүүл мэндийн даатгалд хамрагддаг иргэдэд хөнгөлөлт үзүүлэх юм. Бүх 220 эрүүл мэндийн даатгалын нэгдсэн төлбөрийг 7 сарын 1-нд 0,6 Пункт-р буруулалаа. Энэ нь иргэдийн нийт орлогын болон тэтгэвэрийн 14,9 хувь болж байгаа юм. Ингэж 6 Миллиард Евро бууруулах юм, энэ нь ажил олгогч ба даатгуулагчид ижил хэмжээтэй хувиарлагдана.
Хувийн дүгнэлт: Энэ мэтчилэн Герман улс дэлхийн эдийн засгийн хямралаас хохирол багатай, хурдан гарахын тулд хамгийн гол нь ард түмэнээ энэ хямралд оруулахгүйн тулд ихээхэн зүйл хийж байна. Эдийн засгийн хямрал болж байна хэмнэ, бүсээ чангал гэсэнгүй, харин ч их мөнгө гаргасан нь жирийн иргэдийн худалдан авах чадвар дээшилж айх зүйлгүй тэр хэмжээгээрэй их зарцуулалт хийж мөнгөний гүйлгээ, бараа борлуулалт нь 2009 онд өмнөх оноос дээшилсэн байна. Экспортлогч үйлдвэрүүд нь ганхах биш, хэвийн хэмжээнд ажиллаж борлуулалт нь бусад орны алдсан зах зээлд түрэн орж байна.
Харин манай улс төрчид хүүхдийн болон халамж тэтгэмжийн мөнгө хассан нь юу юм бол доо.

Mittwoch, 23. Dezember 2009

Миний мэдэх Герман улс

Энэ тухай би бүр аль 2 сард бичих гээд эхэлсэн юм. Ер нь дээрээс бодож байсан л даа, миний хувьд Германчууд гэж хэн байсан, Герман улсыг өөрийн мэдэх тэр хэвээр нь буулгахыг бодлоо. Миний мэдээ орсон үеэс, би манайд байдаг ээжийн минь хуучний оёдолын машиныг мэдэх юм. Сүүлд түүн дээр Manufaktured Germay гэдэг үгийг олж харсан билээ. Тэгээд дараагаар нь Оросын дайны кино, Германаас машин зөөгчидөөс Германы талаар үзэж харж, сонсож байв.
Би анх 2001 оний 5 сарийн 6 өдөр Герман улсын нутагт хөл тавьж билээ. Айлд гурав хоносоны дараа өөрийн сурах хот Ilmenau-д хэдэн нөхөдийн хамт ирсэн. Оюутаны байрны түлхүүрээ аваад онгойлгоод ортол хэн ч байсангүй, хүн байдаг нь илт байлаа, авч ирсэн чемоданаа тавьчаад буцаж гараад, хамт ирсэн оюутануудтай орой болтол жаал сууж байгаад өрөөндөө ороод, хэсэг хүлээж байгаад унтлаа. Шөнө дундын үед хаалга онгойлгон гэрэл асаан нэг хүн орж ирсэн нь миний өрөөний хүн байлаа. Түүнийг Torsten Bars гэдэг, Dresden-ээс ирсэн оюутан байв. Ингээд би Герман хүнтэй хамт нэг өрөөнд амьдарч эхэлсэн юм. Түүний нөхөрсөг шудрага тусч энгийн зан нь нийтлэг Германчуудын төрхийг надад сүүлд мэдэрүүлсэн юм. Өөрийн гэсэн хүсэл сонирхолтой, түүндээ хүрэх тэмүүлэлтэй ердийн нэгэн залуу байсан. Тэр үед би хэл сурах гэж хичээдэг болоод тэр үү, түүнээс асуух зүйл бишгүй л гардаг байсан, харин тэр хийж байгаа юмаа орхин, хэзээд надад зав гаргадаг байлаа. Германы төв нутагт уулын талд, модон дунд тэрхүү буйдхан хөндийд орших жижигхэн оюутаны хотхоноос миний Герман дахь амьдрал ингэж эхэлсэн юм. Бөглүү ч сайхан байгальтай, сурахад тохиромжтой хот, сайн ч найзуудтай болж билээ.
Манай байранд амьдрах бас нэгэн Герман залуутай танилцсан минь надад Германчуудын амьдралыг илүү ихээр мэдэх боломж олдсон юм. Бид одоо хүртэл холбоотой, сайн найзууд. Тэр маш энгийн бөгөөд ухаалаг залуу байсан. Намайг дөнгөж оюутан болж байхад, тэр сургуулиа төгсөж байлаа, түүний төгсөлтийн 1,0 оноо нь намайг гайхшируулсан бөгөөд надад илүү их хичээж сурах хүсэл олгосон. Би тэднийд, аав ээжийнд нь зул сарын болон бусад баярыг хамт өнгөрөөж, тэдэнтэй шинэ жилийг угтаж байсан минь хэдийгээр энгийн байсан ч надад маш сайхан дурсамж үлдээсэн юм. Тэдний эцэг эх миний аав ээжээс ердөө ч ялгах юмгүй, тэдний гэр бүлийн харьцаа нь Монголчууд бидэнтэй адил байлаа. Тэднийд би нэгэн удаа зочлоод буцах болох үед, Франкийн ээж нь түүнд ирэх долоо хоногийн хоолны нь мөнгийг өгөхөд тэр ,,, ээжээ надад мөнгө байгаа хэрэгүй гэсэн, тэгээд түүнийг өөрийн өрөө рүү явах үед ээж нь надад нүдээ ирмээд, түүний цүнх рүү нь мөнгөө хийж билээ. Тухайн үед намайг Монголд оюутан байхад ээж минь бас л ингэж байсан гэж бодогдоход хүргэсэн. Тэр эцэг эхтэй маш халамжтай, үргэлж ойр байж тусалдаг, тиймдээ ч гэрээсээ хол ажиллах сонирхолгүй. Түүний эхний ажил нь тэднийхээс 200 гаран км зайд байсан ч тэр долоо хоног тутам аав ээжээ эргэж тойрч, өдөр бүр утсаар ярьдаг байсан нь үнэхээр гэр бүлсэг сайхан санагдаж байлаа. Би тэгэхэд эцэг эхийнхээ барааг 2 жил хараагүй, хагас жилдээ нэг удаа ярьж байсан маань ичмээр ч юм шиг. Тэр машинаар яваад ирсэн үедээ заавал ээж рүүгээ залгаж би сайн явж ирлээ гэдэг байсан нь энгийн ч гэсэн эх хүний сэтгэлийг ойлгосон сайхан үйл юм. Тэдний дунд байсан минь жирийн германчуудын энгийн амьдралыг мэдэрч, тэд бидний л адил эцэг эхээ гэсэн сайхан халуун дулаан уур амьсгалтай сайхан амьдардаг улс гэж ойлгодог болсон.
Германчуудыг хүйтэн хөндий улс гэдэг. Үүнтэй би санал нийлдэггүй. Миний үзэж харсан тиймгүй. Тэд ямартай ч худалч биш, тусархуу (гэхдээ чинь сэтгэлээсээ), нөхөрсөг, хүнийг ойлгохыг хүсдэг, хүний тусыг мартдаггүй улс, ёстой манайханы хэлдэгээр за гэвэл ёогүй улс. Үүнтэй олон хүн санал нэгдэх байх. Тэд манайхан шиг нэг нэгнийхээ урд орох гээд зэрэгцээд зүтгээд, эсвэл нэгнээ хойноос нь чангаагаад байдаг хүмүүс биш. Харин түүний оронд машинтай, явган ямар ч үед найрсагаар зам тавиад өгдөг.
Миний нэг сайн найз байдаг, юу гэх юм Kumpel дээ. Бид хамт сурч хамт амьдарч байлаа. Мань хүнд мөнгө байр аль нь ч байгаагүй, тэгээд миний хөлсөлсөн байранд надтай хамт байдаг байв. Би түүнийг ажил хийгээд орой ирэхэд нь хоол хийгээд тавьсан байж билээ, дараа намайг хичээлээс орой ирэхэд хоол хийгээд гэрийг маань цэвэрлэсэн байсан. Одоо тэр надад майл бичихдээ үргэлж p.s. гээд манайд ирээч, би ийм том өрөөтэй чи манайд амьдарч болно, хуушуур идмээр байна гэдэг. Намайг нутаг буцлаа гэхэд хаа байсан 300-аад км цаанаас ирж уулзаж байхав дээ. Тэр бол үнэхээр энгийн даруу эр хүн шиг сайн залуу байв. Сүүлд сургууль төгсөлтийн баяр дээр тэр надад чамд баярлалаа гэж билээ. Түүнээс би бас их зүйл сурсан, баярлаж явдаг. Тэр хэцүү байсан үеэ харин үргэлж сайн сайхан байснаар дурсан ярьдаг. Юутай ч миний ойр байсан германчууд дотор хүйтэн хөндий, муу улс байсангүй.
Өөрийн үзэж харсанаас гадна Германд амьдарч байх хугацаанд олж мэдсэн, хамт үзэж өнгөрүүлсэн минь бас л их юм. Эхэндээ гайхдаг л байлаа, тэгэхээс аргагүй юм. Нобелийн шинжлэх ухаан, техник, эрүүл мэндийн салбарт шагнал авагчидийн 70-аад хувь нь Германчууд нээлт хийсэн байдаг. Герман бол үйлдвэрлэгч гүрэн, тэд олон зүйл үйлдвэрлэж экспортлон дэлхийн зах зээлд гаргадаг. Тэд үйлдвэрлэж байгаа бүх зүйлдээ тухайн салбартаа тэргүүлэгч байх юм. Автомашин бол ойлгомжтой, тэд дэлхийд анхны автомашиныг үйлдвэрлэсэн. Дэлхийд одоо хамгийн өргөн хэрэглэж байгаа Бензин, Дизель хоёр төрлийн хөдөлгүүрийг Отто, Рудолф Дизель гэдэг хоёр герман оюутанууд зохион бүтээж, тэдний нэрээр нэрлэсэн байх юм. Одоо хямрал гээд Америкийн автомашины үйлдвэрүүд дампууралын ирмэгт байхад, тэд Америк дахь зах зээлээ нэмэгдүүлэж байна. Төмөр замын хувьд ч тэдний зам төмөр, зүтгүүр сайн олон жилийн настай байдаг. Тэд цахилгаан соронзон галт тэргийг дэлхийд анх гаргаж үйлдвэрлэсэн. Тэдний хийсэн Transrapid одоо Шанхайн нисэх буудал, хотын хооронд явж байгаа. Зам төмрийн уулзварууд нь бүгд гагнаастай, энэ гагнах арга технологийг эд гаргаж ирсэнийг энэ сэдвээр ажил бичиж байхдаа мэдэж авсан. Одоо европын болон бусад орнуудын төмөр замын хөдөлгөөн удирдлагын систем ихэнхдээ Siemens фирмийнх байдгийг сурч байх үедээ олж мэдсэн юм. Нисэх онгоцны хувьд ч гэсэн, тэд дэлхийн анхны Jet нисэх онгоцыг үйлдвэрлэсэн байдаг. Одоо ч германчууд европын бусад улстай хамтран хийсэн Airbus A380 дэлхийн хамгийн том, тохилог найдвартай нисэх онгоц болж чадсан байх юм. STIHL гээд модны хөрөө, гэр ахуйн газар хаглагч, зам барилгын таслагч, хөрөөдөгчийг үйлдвэрлэгч фирма байдаг. Тэд бас л дэлхийд тэргүүлэгч, анхны модны моторт хөрөөг үйлдвэрлэсэн, хэдийгээр үнэтэй ч бүтээгдэхүүнүүд нь зах зээлд эрэлт ихтэй, түүний чанартай энэ зэрэгцэхүйц бүтээгдэхүүн байдагүйг энэ фирмад ажиллаж байх үедээ мэдсэн юм. Miele-н гэр ахуйн хэрэгсэл, угаалгын машин, Bosch-н багаж хэрэгсэл, WMF-н гал тогооны хэрэглэл гээд дэлхийд чанар нь гайхагдсан бүтээгдэхүүнүүд байдаг. Манай эмч нар андахгүй юм билээ, Германы эмнэлэгийн багажууд, эрчимт эмчилгээний төхөөрөмж сураглаж байдаг. Спортын хувцасыг ах дүү хоёр Германы addidas, puma фирмгүй төсөөлөшгүй. Одоо зарим үсчингүүд хүртэл герман үсний машин, дуу багатай эдэлгээ сайн гээд ам сайтай байдаг.
Тэдний үйлдвэрлэж байгаа цэргийн зэвсэг техникүүд, шумбагч онгоц, танк, автомат буу гээд сайн чанарын бүтээгдэхүүнүүд байдаг. Сонирхолтой нь миний сурч байсан сургуулийн хуучин буурь нь бидний мэдэх автомат бууны үйлдвэр байсан. Манай хөдөөнийхөн андахгүй дээ, япон винтов мурийдаг, германых бол найдвартай гэж ярьдаг. Дэлхийн мэргэн буучдын 90-д хувь нь герман буу эзэмшиж байдаг. За энэ автомашин, онгоц, төмөр зам, хөрөө, угаалгын машин, буу зэвсэг яахав, үнэхээр чанартай сайн нь батлагдсан зүйлс. Харин хамгийн гайхалтай нь тэдний сургасан ноход дэлхийн аварга, морьд нь бүр дэлхийн болон олимпын хошой аварга болсон байдаг.
Үүнд чухам яаж германчууд бүгдэд тэргүүлэгч байж, маш сайн хийж чадаж байна.
Би амралтаараа ажил хийж байх үедээ, нэгэн эмгэнийд өрөөг нь хөлсөлж байсан. Бид заримдаа дайны болон дараах үеийн талаар ярилцдаг байлаа. Дайний дараа Германы томоохон хотууд бүрмөсөн сүйдсэн, түүний нэгэн адил Stuttgart хотыг, Mercedes Benz-ний үйлдвэрийг Америкчууд бүтэн байшингүй шахам бүгдийг нь бөмбөгдсөн гэсэн. Stuttgart маш сайхан уран барилгатай үнэхээр сайхан хот байсан гэж ярьж суусан. Дайн дууссаны дараа Герман эрчүүд хоригдол болж Орос, Итал, Франц гээд улсад ажиллаж, харин германд эмэгтэйчүүд үлдэж үнс нурам болтол бөмбөгдүүлсэн хотоо цэвэрлэх ажлыг хийсэн гэдэг. Одоо ч Stuttgart хотын Weilimdorf-д гэдэг газар уул мэт хоёр том хэсэг газар байдаг, тэр бол хуучин хотын үнс нурам билээ. Тэдэнд ямар ч техник байгаагүй энэ бүхнийг гараараа хийдэг байсан. Бүр идэх зүйл ч байхгүй, төмсний хаягдал хальсийг чанаж шөлийг нь уудаг байсан гэсэн. Тэдний BMW-г Оросууд дайны төлбөрт авсан, Mercedes Benz-г нь Америкчууд бөмбөгдсөн. Тэдний улсын халаасанд нь ямар ч мөнгө байгаагүй. Би өнгөрсөн жил Bad Salzungen гэдэг газар хуучны анд Вьетнам найзындаа очсон юм. Бид хамтадаа газрын гүнд 800 метрийн доорх давсны музей үзэж сонирхлоо. Дайн дуусахын өмнөхөн тэнд Германчуудын сүүлчийн үнэт зүйл болох их хэмжээний алт, банкны тэмдэгтүүд, үнэлж баршгүй түүхийн дурсгалт зүйлс, эрдэнсийг нуусан байсныг Америкчүүд олж бүгдийг нь авсан гэдэг. Ингээд мөнгө ч үгүй, үйлдвэр ч үгүй, үнсэн дундах улс орноо яаж дэлхийн тэргүүний аж үйлдвэрлэгч улс болгож чадсан байна аа. Би олон Германтай, тэдний дунд дайны үед цэргийн офицер байсан хүмүүстэй дайны талаар ярилцаж байхад, тэд үнэхээр үнэн голоосоо дайныг жигшиж байсан юм. Бүр Монголд хамт ирсэн найз минь хүртэл Герман хас тэмдэгийг манай залуус машин, мотоцикл дээрээ наасаныг хараад, зэвүүцэж „Idiot“ гэж билээ. Харин би сүүлд Монгол Хас, Герман хас тэмдэгнээс ялгаатайг мэдсэн. Германы дэд бүтэц, авто зам, төмөр замын сүлжээ, хотуудын хөгжил үнэхээр гайхалтай. Яаж тэдний хийсэн бүхэн чанараар гайхагдаж чадаж байна. Адаглаад энэ олон оюутаныг яаж үнэ төлбөргүй сургаж байна.
Одоо Монголын бас Оросын ТВ-н суваг үзэж байхад рекламаар нь Герман чанар, Герман технологоор хийсэн гээд өөрсдийн зүйлээ зарах гэж магтаад байх юм.
Бид хямрал гээд яриад байдаг, үнэндээ манайд хямрал гэх юу байхав дээ. Зэсийг эс тооцвол. Харин Германчууд хямралд хамгийн их өртсөн, учир нь тэд экспортлогч гүрэн. Саяхан би Deutsche Welle үзэж суухад одоо тэд хямралаар гарч байна гэж ярьж байх юм. Харин тэд чухам яаж энэ хямралыг давж байна гэдгийг би энэ үед байснаараа мэдэх юм, үүнийг дараа бичнэ. Уншигч та болгооно биз, үнэндээ Германчууд ийм л улс юм билээ.

Samstag, 9. Mai 2009

Харь нутагт суугаа нутаг нэгт Монгол ахан дүүсээ, залуусаа

Та бүхний энэ өдрийн мэндийг эрэн Герман улсаас мэндчилье. Би бусдын адил Германд сурч боловсрон ажиллаж байгаа нэгэн. Би хэдэн долоо хоногийн өмнө Миний Монгол нийтлэл бичсэн, үүнтэй зэрэгцээд Англи, Америкаас гээд Монголоо гэсэн залуус эх орондоо байгаа болохгүй зүйлийг болгоё хэмээн өөр өөрсдийн дуу хоолойгоо илэрхийж байна. Миний бие харь нутагт суугаа Монгол залуус та бүхэнд хэлэх уриалга байна.
Тиймээ гадаадад байгаа Монголчууд маань хэдийгээр гадаадад ажиллаж байгаа ч, Монгол улсдаа их нэмэр болж байгааг хэлэх илүүц биз ээ. Сонин хэвлэлээс үзэхэд гадаадад болон Германд ажиллаж амьдарч байгаа Монголчууд маань бүгд л нутаг буцах болоогүй гэж хэлдэг. Харьд байгаа Монголчууд олох мөнгөнөөс илүүтэйгээр хүний сайн сайхан амьдралын нэгээхэн хэсэг болох тохьтой тухтай орчинд, эрүүл амгалан ажиллаж амьдрахыг илүүд үзэж байна. Хүүхдээ эрүүл сайхан орчинд өсгөж хүмүүжүүлэх, сайн сургуульд явуулж, бие даах хүртэл нь харьд байх бодолтой байдаг. Орой үдэш гадагшаа гарахаас айх аюулгүй орчин, тухтай алхах цэцэрлэгт хүрээлэн, эсвэл үр хүүхдээ цэнгүүлэх усан сан, амьтны хүрээлэн гээд амьдралын энгийн зүйл болох маш олон зүйл үгүйлэгдэж байгаа. Тэр бүгд нь Монгол оронд маань одоо болтол бүрдэж өгөхгүй байгаа нь тэдний буцаж чадахгүй байгаа үндсэн шалтгаан. Нөгөөтэйгүүр одоо Монголд ноёрхоод байгаа хүнд сурталаас хүн бүхэн залхаад байна. Юм хийх болгонд танил тал, мөнгө харж байгааг би өөрөө Монголд байхдаа энэ байдлыг ихээр мэдэрсэн. Монгол түр очоод ирсэн хүн бүр л, ээ дээ хичнээн сайн сургуулиа төгсөөд Монголд танил тал байхгүй бол хэцүү дээ, гэж хэлдэг. Одоо тэгээд бид улсдаа мэдлэг боловсролоо зориулахын тулд заавал танил тал харж ажилд орох хэрэгтэй юу? Төрийн албанд уул нь сайн менежмэнт суулгаж чадах, мэдлэг чадвартай, шударга боловсон хүчин үгүйлэгдэж байгаа, харин тэд маань хувийн байгууллагад эсвэл гадаад улсад үлдэж ажиллаж байна. Үүнд дээр хэлсэнчлэн хүн таатай амьдрах орчин үгүйлэгдэж, улсын болон хувийн газар ажиллах сарын орлогын зөрүү илтгэж байгааг та бүхэн мэдэх биз дээ. Хувийн байгуулагууд гадаадад сурсан аль сайн гэсэн хүмүүсийг өндөр цалин, орон сууцаар хангаж, ажиллуулаж байна, түүндээ ч Монголд хувийн салбарууд сүүлийн үед түлхүү сайн хөгжиж байгаа.
Тиймээ та бидний шүүмжлэх зүйл их байгаа, тэр утгаараа энэ бүхэн чинь та бидний хийх зүйл биш гэж үү? Эх оронд минь болохгүй байгаа тэр чанаргүй хүнс тэжээл, эмнэлгийн үйлчилгээ, боловсрол, нийгмийн үйлчилгээ, ажлын байр хангалтгүй , хууль дүрэм, хүнд суртал, байгаль орчины бохирдол за тэгээд миний дуртай замын хөдөлгөөн энэ бүхнийг хэн хийх юм бэ? Эндээс бид интэрнэт дээр шүүмжлээд, үзэл бодолоо илэрхийлээд суугаад байх уу? Эсвэл төр засаг минь биднийг тат, улс орноо сайхан болго дараа нь бид очно гэх хэлэх уу? Энэ чинь нөгөө л зуданд төр засгаас өвс гуйсан малчин мэт, гэрээ бариад, хоолоо хийчих болохоор нь намайг дууд гэсэнтэй адил, бид ингэж хэлэх эрхгүй. Үнэхээр та тэр санаанд чинь хүрэхгүй байгаа зүйлийг болгох талаас хараад, шинэ дэвшилтэй аргаар сэтгээд, ингэх хэрэгтэй, надад шинэ санаа байна, би чадна гэж байвал түүнээ боловcруулаад ажил болго. Хэзээ нэгэн цагт Монгол сайхан хөгжих болно гэж бүү хүлээ, энэ бүхнийг ганцхан та бид л хийх хэрэгтэй. Бид өнөөдөр Гадаад Хэргийн Яамаа хэдэн хүн гадаадад хаана юу хийж байгаагаа мэдэхгүй, эсвэл иргэний бүртгэл мэдээллийн сан муу гээд шүүмжлээд байдаг. Тэгвэл одоо бид өөрсдөөсөө эхлэх ёстой. Германд сурч байсан болон төгсөгчидийн нэгдсэн бүртгэл байдаг, үүнд хэн, хаана, аль хотод, хэдэн онд ямар мэргэжлээр төгссөн, одоо хаана ажиллаж байгаа гээд. Үүнтэй адил Америк, Англи, Япон дахь залуусаа та бүхэн өөрсдийн байгаа улсынхаа, хотынхоо Монголчуудын нэгдсэн сан хийгээч. Энэ чинь хамгийн бодитой мэдээллийн сан болох бөгөөд, бидний хэлээд байгаа тэр болохгүй байгаа асуудлын аль салбарт хэн ямар хувь нэмэр оруулж чадах вэ гэсэнд хариулт өгнө. Бид Монголд тийм ийм гээд дурдаад, шүүмжлээд байгаа бүхнийг эх орондоо өөрсдөө очоод өөрсдийн оюун ухаан, мэдлэг чадвараар хийх хэрэгтэй. Тэгж байж бид бидний хүсээд байгаа тэр сайхан хөгжлөө Монголдоо босгоно. Дэлхийн олон оронд тархсан Монгол залуус өөр хоорондоо нэгдэн, өөрийн чадах мэдэхээ эх орондоо зориулбал бид чадна. Өнөөдөр Герман улс техник технологи, чанартай бараа, ажлын арга барилаараа дэлхийд тэргүүлэгч байдаг. Энэ хаа ч өндөр үнэлэгддэг Made in Germany гэдгийн ард тухайн бүтээгдэхүүнийг зохион тооцон гаргаж ирж байгаа инженерүүд байдаг гэж үздэг. Би энэхүү нэр хүндтэй Германы Диплом инженер нэрийг зүүж, улсдаа хэрэгтэй мэргэжил эзэмшсэндээ баярлаж байдаг. Тэгвэл би улсдаа юу хийж чадах вэ, бид юу хийх ёстой юм? Одоо Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд үүсээд байгаа замын түгжрэлийн талаар мэргэжлийн тооцоо үнэлэлт дүгнэлт өгөөд, энэ байдлаас гарах бүрэн дүүрэн гарч болох саналууд надад байна.
Монголд Метро барина гээд яриад бичээд байдаг, энэ талаар Монголд Жайка-ийн Доктор Нагаяма гуайтай хувийн журмаар уулзаж, тэдний хийж байгаа судалгааны талаар санал бодлоо солилцсон юм. Үнэхээр сайхан хэрэг л дээ, бид үүнд олон зүйлийг сайн тооцох хэрэгтэй. Тэд тээврийн хэрэгслээ газар доогуур 5 км орчим явуулна гэж үзэж байгаа. Энэ бол маш их өндөр өртөгтэй, энэ бүх зүйлийг их хөрөнгөөр барьж байгуулсан ч, бидэнд цаашид ашиглалтын үед эдийн засгийн хувьд хүндрэлтэй. Учир нь газар өрөмдөх нь өөрөө их өртөгтэй, түүний бетон байгууламж, ашиглалтын үеийн зардал болох, өдөр шөнөгүй гэрэлтүүлэлт, арчилгаа хамгаалалт гэх зэргээс цаашид эндээс гарах зардал жил бүр л улсын халааснаас гарах болно. Миний бодлоор болон гадаадын олон хүмүүстэй саналаа солилцож байхад, манайд хөнгөн хялбар хийцийн, одоо Герман, Бельги, Франц-д яваад байгаа хот доторх трамвай (City Tram) манай хотод их тохиромжтой гэж үздэг. Байгууламжийн хугацаа, байгуулалтын болон ашиглалтын зардал харьцангуй бага, манай Улаанбаатарын хувьд хүн тээвэрлэлтийн горимын болоод газар, орон зайн болон байгууламжийн хувьд маш тохиромжтой, энэ давуу талаа ашиглаад олон салбар замууд байгуулах боломжтой.
Бид мөн урд чиглэлд хос төмөр зам тавина гэж байгаа, энэ наанадаж 4-5 жил шаардана. Тэр болтол яаж төмөр замаа алдагдалгүй ашиглах хэрэгтэй вэ? Одоо Германы төмөр зам Бээжингээс Берлин хүртэл Контайнерын ачаа таталт хийхээр төлөвлөсөн байгаа. Усан замаар тэд нэг удаад 10.000 хүртлэх Контайнер тээдэг, түүний 100 Контайнерийг нэг цуваа болгон Монгол, Оросын төмөр замаар дамжуулан татах сонирхолтой. Одоо манай төмөр зам алдагдалтай ажиллаад Транзит тээвэр хүсээд байдаг, харин бэлэн тээвэр гараад ирэхэд, түүнийг тээвэрлэх нөхцөл ямар билээ. Энэ боломж манай улсад маш ашигтай. Тэдний хувьд хугацаа, хурд маш чухал, тиймдээ үнэтэй ч энэ замыг сонгож байгаа. Харин манай төмөр зам 30 жилийн настай 2M62 хуучин зүтгүүрүүдтэй, зам төмрийн бэхэлгээ муу, суларч хуучирсан. Эдгээр хуучин зүтгүүр өөрийн жин ихтэй дээр түлш их хэрэглэдэг учир, цуваандаа 40-50 вагон татаж байж ашигтай байх боломжтой. Хуучирсан зүйлээр мөнгө олоод ашигтай ажиллана гээд байх утгагүй, бидэнд зайлшгүй техникийн шинэлэл хэрэгтэй. Үүний тулд бид хөнгөн чанарын хурд сайтай орчин үеийн шинэ зүтгүүртэй болох шаардлага бидэнд зайлшгүй тулгарч байгаа. Манай одоогийн зам төмөр үнэндээ сайн чанарын ган, харин үүнийг техникийн шинэ дэвшилтэйгээр уулзваруудыг гагнаж, сайн бөхөлж өгөх хэрэгтэй, ингэснээр одоогийхоос 2 дахин илүү буюу цагт 120 км илүү хурдтайгаар аялаж чадах бөгөөд техникийн үзүүлэлтээр бусад орны жишигт хүрч, хамгийн чухал нь ачаа эргэлт, зорчигч тээвэрлэлт нэмэгдэж, зарлага бага болж, төмөр зам маань алдагдалгүй ажиллах боломжтой гэж үздэг. Суудлын галт тэргийг ч мөн бага оврын түргэн галт тэргээр солих шаардлагатай. Одоо бид 4 цагт туулах замыг 8 цагт туулж байна, үүнээс үүдэн зорчигчидоо алдаж, алдагдалтай байгааг төмөр замын удирдлагууд ярьж байдаг (харьцуулалт: Тємєр замд хямралыг давах ямар ч тооцоо, тєлєвлєгєє алга). Энэ техникийн дэвшилт нь манай орны одоогийн нөхцөлд тохирох бөгөөд байгаа юмаа чанаржуулаж, богино хугацаанд алдагдалыг багасгаж, ашигтай ажиллах боломжтой.
Улаанбаатарт учраад байгаа одоогийн олон хүндрэлтэй асуудлууд болох утаа, хот төлөвлөлт, дулаан цахилгаан, усны хангамж, хог энэ бүхнийг шийдвэрлэхэд энэ чиглэлээр боловсорсон сайн залуус тухайн салбар бүрт хэрэгтэй. Германы болон Европын хотууд аж үйлдвэрлэлтийн үед хэрхэн утаагүй болгосон, хот руу нүүсэн нүүдлийг яаж саармагжуулсаныг (Dezentralisierung болон Suburbanisierung) бид мэдэж байгаа, яагаад гэвэл бид энд амьдарч энэ талаар судалсан. Зөвхөн сурсанаас гадна, сургалтын болон хувийн шугамаар Европын улс хотуудаар явах, төслийн ажлын үед энэ бүхнийг хэрхэн шийдвэрлэсэн талаар сонирхож үзэж, манайд хийх боломжийн талаар бодож явдаг.
Олон Монгол оюутан залуус Mercedes Benz, BOSCH, Porsche, STIHL, Siemens гээд Герман улсыг дэлхийд алдартай болгосон эдгээр үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд гар бие оролцоод явж байна. Энэ нь биднийг ажлын цаг барихаас эхлэн ажлаа нягт алдаагүй хийх, германчуудын тавих шаардлагыг бүрэн гүйцэтгэсэн чадвартай болгосон.
Би бодохдоо төрд маань бидний сурсан зүйл хэрэгтэй, нэг хүн ч эртхэн очиж улсдаа тэр мэдлэг боловсролоо зориулаасай гэж бодох юм. Бид цөөхүүлээ, сайн мэргэжилтэнүүдээ харьд алдаад байж болмооргүй санагдаж байна.
Дэлхийн олон оронд амьдарч байгаа Монголоо гэсэн залуус өөр хоорондоо нэгдэн эх орондоо очин өөрсдийн мэдсэн сурсанаараа улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулах хэрэгтэй. Тухайн салбар бүрт чадварлаг сайн мэргэжилтэнүүд ажиллавал тэд салбар бүртээ шинэчлэлт хийж улмаар олон улсын жишигт хүргэж чадна. Ингэснээрээ төрийн ажлыг шудрага цэгцтэй хийж, түмэн олондоо хэрэгтэй зүйл ихийг бүтээж чадна.
Энэ жилдээ биш юм гэхэд ирэх жилээс нутаг буцахаа төлөвлөөрэй залуусаа. Төрийн төлөө огтоно яана,, гэдэг үг манжийн үед гарч ирсэн ядарсан хүний үг шүү, их удвал эргээд энэ үг гарахгүй гэхгүй, бид шинэ Монголын залуус.
Тиймээ төрийн цалин сарын цайндаа хүрэхгүй дуусах байх, тэглээ гээд няцах хэрэггүй шүү андаа. Өөдөөс чинь хичнээн үзээд ч дийлэхгүй хүчтэй тулгарч мэднэ, тэр үед хамтдаа байна шүү залуус минь.
Харьд сайхан ажил хийж сайн нэртэй явж чадна, үүнд эцэг эх минь баярлана. Харин эх орныхоо хөгжилд мэдлэг оюунаа зориулбал эцэг эх, эх орон минь эргээд үлдэх үр хүүхэд минь бахархах болно.

Dienstag, 13. Januar 2009

Миний Монгол

Хэдэн жилийн өмнө сургалтын шугамаар олон орны оюутнууд цугласан нэгэн семинарт оролцож билээ. Түүнд тавигдаж байсан олон сэдвүүдийн нэг нь “Эх орон гэж юу вэ?” гэсэн асуулт байсан. Хүн бүр л янз бүрээр хэлж, харин нэгэн Вьетнам залуу, хүн аль улсад өсөж бойжиж, ирээдүйд тэр улсдаа ажиллаж амьдарч байна, тэр бол эх орон гэж хэлэхэд бид бүгд үүнийг хүлээн зөвшөөрсөн юм. Эх орон гэдэг хүн бүрийн сэтгэлд өргөн утгаар байдаг байх. Миний хувьд Монгол улсад төрж Монгол гэсэн нэрийн дор явж, Монгол улсынхаа төлөө ажиллаж амьдрах тул, Монгол миний эх орон. Үүнд эх орноосоо хол харийн нутагт давчдахийг мэдэрсэн хүн эх орон гэдгийн үнэ цэнийг илүү их мэдрэх байх даа. Эх орноосоо гарч Герман улсад сурахаар ирснээс хойш 7 жил 6 сар өнгөрчээ. Энэ бол багагүй хугацаа, энэ хооронд би их зүйл үзэж, сурч, мэдэж авлаа. Их зохиолч Д. Нацагдорж Герман оронд ирэхдээ “...хээрийн галуу нисэн үл хүрэх газар хүний хүү эрдэм сурахаар одов...” хэмээн бичсэн байдаг. Ирсэн зорилгодоо хүрлээ, одоо нутаг буцах болжээ. Эх орон маань энэ хугацаанд бас багагүй өөрчлөгдөж, сүүлийн хоёр жил дараалан нутаг буцлаа, хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр эх орныхоо талаар их л үзэж, сонсож уншиж байна. Бага байхдаа эцэг эхийн авчирдаг Үнэн сониноос Монгол харийханий нүдээр гээд гадныхан бидний тухай таагүй бичсэнийг уншаад тэр үедээ багагүй л үндэсэрхэг үзэл гаргадаг байж. Эсвэл харьд зорчсон минь гэсэн манайхан гадагшаа гарсан тэмдэглэлээ бичсэнээс харийн улсад уух усаа худалдаж авдаг, амьсгалах агаар нь бохирдож маск зүйдэг гэснийг уншаад гайхахаас илүүтэйгээр жигшдэг байсан. Одоо харин би өөрөө харьд суугаа Монгол хүний нүдээр эх орныхоо талаар бичиж сууна. Үнэнийг хэлэхэд, Монгол орноо бахдан дуулам сайханаар бичмээр байна, харин байгаа байдлаас төрсөн сэтгэгдэлээ нуулгуй бичихээр шийдлээ. Одоо бид, миний хүүхэд ахуйдаа уншиж байсан шиг, өөр хоорондоо муулалдаж, уух усаа худалдан авч, амьсгалах агаар нь бохирдоод, ер нь таагүй мэдээ их сонсогдох болж, хэдэн залуучууд нь гадагшаа гарч, охид бүсгүйчүүд нь хэдэн бор цааснаас хувцсаа тайлдаг болж. Үлдэж буй нь гадныханд (Германчуудад) Монголын эдийн засаг цус ойртоод, төр нь авилгалд автсан гэж хэлүүлж байх юм. Эцэг өвгөдөөс үлдээсэн эх нутагт минь Хятад, Солонгосоос эхлээд харийхан цуглаж, тунгалаг Туул голыг маань хордуулж, уудам сайхан хөндийг нь сэглэж, сүүлдээ бүхэл бүтэн сум нь хүн малтайгаа хордохын чинээ санасангүй. Нутаг нэгтэн нараа та бүхэн ...Миний нутгийн дөрвөн зүг найман зовхисоос бурхан гуйсан ч бүү өг,,, хэмээх эцэг өвгөдийн үгээ мартаа юу?
Баяраар баярлах биш, баахан архи ууж түүндээ хордон үхэж гашуудах болж, ард түмнийхээ өмнө төрийн түшээд нь өөр хоорондоо шөргөөцөлдөж, төрийн танхимд танхай балмад үгээ биелүүгээ чулуудан суудаг болж, эцэс сүүлд нь улсынхаа эрх чөлөөний төлөө, харийн түрэмгийлэгчдийн эсрэг тэмцэж явсан домогт Сүхбаатарын талбай дээрээ нэгнээ буудах чинээ бодсонгүй. Монгол хүн харийн түрэмгийлэгчдийн эсрэг буу шагайж явсан болохоос биш, биенээ буудаж яваагүй шүү дээ. Их жанжны талбай дээр буутай цэрэг юунд зогсоно вэ? Үүнийг харьд суугаа бид сонсоод өнгөрч чадашгүй нь. Бутархай Монголыг эцэг минь нэгтгэж, эв эеээ сахихийг эх маань зааж сургасан шүү дээ. Ээжийн хэлсэн эв эеийн үгээ мартлаа гэж үү? Зориг агсаны хүссэн шиг нэг ширээнд өөдөөсөө харан байж ярилцах ардчилалыг бүрмөсөн хаяжээ. 1990 он, С. Зориг нарийн ардчилсан үзэлтэй гэх залуус Ж. Батмөнх гуай тэргүүтэй Төв Хорооны нөхөдтэй уулзан ярилцаж байснийг телевизээр харж суусан минь одоо ч тодхон. Тэр бол ардчилал байсан.
Дэлхий даяараа Хятад хүнс, тоглоом, бараанаас татгалзаад байхад бид тэндээс аваад хордоод байх ёстой юм уу? Хятад улсад 20 сая гаран ажилгүйчүүд байхад, Монголчууд тийшээ очиж ажилана гээд хууртагдаад байх уу? Арай л биш юм аа. Бид чинь цөөхүүлээ шүү дээ, 20 сая байсан бол бас яахав гэхсэн.
Гудамжаар явахад, уурлаж бухимдсан жолооч нар сигнал хангинуулж, элдэвээр хараан бухимдах, ууж согтуурсан нэг нь хаа дайралдсан газраа тэрийн хэвтэх юм, гуйлга гуйсан хүүхдүүд, гудамжинд юм зарах хөгшид ... үүнд эмзэглэсэн эрхэм эргэлзсэнээр хэлэх, ингээд бид эх нутагтаа эзэн хүний ёсоор амьдарч чадахаа байлаа гэж үү? Уцаарлаж бухимдсан иргэдээ Амбий Бооёо хоёрынхон нэг орой ч болсон ингээлгэх нь сайхан юм даа.
Ард түмэн маань ядарчээ, аргагүй шүү дээ, аль 18 жилийн өмнөөс бүсээ чангал гээд хэлсэн одоо хүртэл чангалаад бай л гэх юм. Тэгж хэлсэн улс нь өөрсдөө бүсэндээ багтахаа байтлаа цүдийсэн сууна. Харлаж үрчлээндээ дарагдсан хэдэн хөгшид минь, бидний төлөө долоо хоногийн 6 өдөрт нь ажиллаж байсан даа, түүний шанд өнөөх цүдийсэн нөхөд нь өөрсдийн нэг оройн хоолний мөнгөөр бүтэн сар амьдар гээд тулгачих юм. Үнэндээ үр хүүхэд нь гадаадаас хэдэн төгрөг илүүчилдэгүй бол, тэд маань яаж шуухан амьдарж, цагаан сараа элбэг дэлбэгээр өнгөрүүлж чадахсан билээ.
Уул нь 18 жил бол их хугацаа, ийм хугацаанд бусад улс их юм амжуулсан байх юм. Тэр хүсээд байгаа ардчилал, үйлдвэрлэл, хөгжил сайхан амьдрал гээд. Бид харин чадсангүй, үнэндээ юу ч хийж чадсангүй, олж авсан ардчилалаа ч алдаж байна. Магадгүй зарим нэгэн ингэж хэлэхэд гайхаж магад, эсвэл бид хөгжиж байгаа шүү дээ, манай улсын валютын нөөц жилээс жилд өслөө гэх байх. Тиймээ дэлгүүр лангуу нь бараа таваар элбэг дэлбэг, сайхан шинэ утас барьсан хумүүс, шинэ ганган машинууд гудамжаар хөлхөлдөөд, шинэ шилэн байшингууд энэ хөгжил гэж үү? Хэдэн наймаачин бизнесмэн нар л ажлаа хийж байна. Тэдний хаа нэгтэйгээс авчирсан бараа, хотын төвд бариулсан хэдэн эрээвэр байшингууд, гадаадад ажилаж байгаа хэдийн мөнгөөр нь хятадуудын барьж байгаа хэдэн орон сууцыг хөгжил гэхгүй. Хөдөө бол хэдэн хөшөө нэмэгдэж баригдсан, хүмүүсийн амьдрал яг л хэвэндээ. Тэр валютын нөөц нь зэс алтнаасаа олж байгаа мөнгө шүү дээ. Улсын маань ерөнхийлөгч нэгэнтээ улсын хөгжил гэдгийг тодорхойлохдоо дэлхийд гарч байгаа шинэ техник технологийг улсдаа хэрхэн нэвтрүүлж байгаагаар дүгнэн хэлсэн байсан. Манай ганц төмөр зам маань 30-аад жилийн настай зүтгүүр вагонтой, 4 цаг явах газар, хоёр дахин их хугацаа зарцуулж, гудамж замаар 10-20 жил болсон автобусууд нь 20 жилийн өмнөх билет таслагчтайгаа явах юм, энэ хөгжил гэж үү? Саяхан телевизээр өдөрт 8 буудал газрын замыг 30 жил шүүрдсэн гэх хөгшин гарч байх юм. Өөрсдөө саяхан үйлдвэрлэгдсэн шинэ Land Cruiser аваад унадаг хэрнээ замаа шүүрдчихдэг, цасаа хусдаг, давсаа цацдаг машинаа авахгүй л юм. Уул нь адилхан татвар төлөгчдийн мөнгө. Ингээд дүгнэхээр улсын хөгжлийн гол тулгуур болсон дэд бүтэц, тээвэр нь аль 20 жилийн өмнөх хэмжээндээ байна, улсын ерөнхийлөгчийн хэлсэнээр, мөн бидний харж байгаагаар эдгээр салбарт техник технологийн шинэчлэлт хийгдээгүй, арваад жилийн өмнө автобусны буудал дээрээс 4 зам, Бөмбөгөр 100-р явлаа гэж зарлах, яг тэнд тамхи чихэр зардаг байсан хөгшид одоо ч байгаа болохоор улс хөгжөөгүй байна гэж байгаа юм шүү. Улс орны хөгжлийг лангуун дахь бараа таваар, гоё сайхан машинаар тодорхойлохгүй гэдэгт хүн бүр санал нэгдэх биз ээ. Жил бүр хэдэн мянгаараа залуус гадагшаа гарах юм. Харьд одсон бүсгүйчүүд нь харийн хүнтэй сууж, харчуул нь хар ажилд нугчуулах. Хэзээ буцах вэ? гэхэд, буцах болоогүй, улс хөгжсөний дараа гэх, ингээд байвал улс гүрэнд маань хэн үлдэх вэ?
Залуусаа эх ороноосоо бүү дайжаач, тэр төрд үгүйлэгдээд байгаа тогтвортой бодлого, төрийн менежмент, тэр техник технологийн шинэчлэлт та бид л хийх, авч очих ёстой шүү дээ. Тэр бидний хүсээд байгаа сайн сайхан амьдрал, хөгжил зүгээр ирэхгүй, бид бүхний идэвх оролцоо, дэмжлэг туслалцаа эх оронд минь хэрэгтэй. Эх болсон Монгол орон луугаа буцаж эзэн хүний ёсоор амьдрах болсон шүү. Монголчууд бид хамтдаа байвал улс орон минь хөгжих л болно.
Сүх жанжны үгийг хүүхэд байхдаа цээжилж байснаа би мартаагүй.
Бидний улс эв санаа нэгдэн нийт нэгэн хүчээр зориглон хөдөлвөөс мэдэхгүй чадахгүй хэмээх зүйл огт үгүй болж, цэнгэлийн манлайд хүрэхийг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ.