Энэ тухай би бүр аль 2 сард бичих гээд эхэлсэн юм. Ер нь дээрээс бодож байсан л даа, миний хувьд Германчууд гэж хэн байсан, Герман улсыг өөрийн мэдэх тэр хэвээр нь буулгахыг бодлоо. Миний мэдээ орсон үеэс, би манайд байдаг ээжийн минь хуучний оёдолын машиныг мэдэх юм. Сүүлд түүн дээр Manufaktured Germay гэдэг үгийг олж харсан билээ. Тэгээд дараагаар нь Оросын дайны кино, Германаас машин зөөгчидөөс Германы талаар үзэж харж, сонсож байв.
Би анх 2001 оний 5 сарийн 6 өдөр Герман улсын нутагт хөл тавьж билээ. Айлд гурав хоносоны дараа өөрийн сурах хот Ilmenau-д хэдэн нөхөдийн хамт ирсэн. Оюутаны байрны түлхүүрээ аваад онгойлгоод ортол хэн ч байсангүй, хүн байдаг нь илт байлаа, авч ирсэн чемоданаа тавьчаад буцаж гараад, хамт ирсэн оюутануудтай орой болтол жаал сууж байгаад өрөөндөө ороод, хэсэг хүлээж байгаад унтлаа. Шөнө дундын үед хаалга онгойлгон гэрэл асаан нэг хүн орж ирсэн нь миний өрөөний хүн байлаа. Түүнийг Torsten Bars гэдэг, Dresden-ээс ирсэн оюутан байв. Ингээд би Герман хүнтэй хамт нэг өрөөнд амьдарч эхэлсэн юм. Түүний нөхөрсөг шудрага тусч энгийн зан нь нийтлэг Германчуудын төрхийг надад сүүлд мэдэрүүлсэн юм. Өөрийн гэсэн хүсэл сонирхолтой, түүндээ хүрэх тэмүүлэлтэй ердийн нэгэн залуу байсан. Тэр үед би хэл сурах гэж хичээдэг болоод тэр үү, түүнээс асуух зүйл бишгүй л гардаг байсан, харин тэр хийж байгаа юмаа орхин, хэзээд надад зав гаргадаг байлаа. Германы төв нутагт уулын талд, модон дунд тэрхүү буйдхан хөндийд орших жижигхэн оюутаны хотхоноос миний Герман дахь амьдрал ингэж эхэлсэн юм. Бөглүү ч сайхан байгальтай, сурахад тохиромжтой хот, сайн ч найзуудтай болж билээ.
Манай байранд амьдрах бас нэгэн Герман залуутай танилцсан минь надад Германчуудын амьдралыг илүү ихээр мэдэх боломж олдсон юм. Бид одоо хүртэл холбоотой, сайн найзууд. Тэр маш энгийн бөгөөд ухаалаг залуу байсан. Намайг дөнгөж оюутан болж байхад, тэр сургуулиа төгсөж байлаа, түүний төгсөлтийн 1,0 оноо нь намайг гайхшируулсан бөгөөд надад илүү их хичээж сурах хүсэл олгосон. Би тэднийд, аав ээжийнд нь зул сарын болон бусад баярыг хамт өнгөрөөж, тэдэнтэй шинэ жилийг угтаж байсан минь хэдийгээр энгийн байсан ч надад маш сайхан дурсамж үлдээсэн юм. Тэдний эцэг эх миний аав ээжээс ердөө ч ялгах юмгүй, тэдний гэр бүлийн харьцаа нь Монголчууд бидэнтэй адил байлаа. Тэднийд би нэгэн удаа зочлоод буцах болох үед, Франкийн ээж нь түүнд ирэх долоо хоногийн хоолны нь мөнгийг өгөхөд тэр ,,, ээжээ надад мөнгө байгаа хэрэгүй гэсэн, тэгээд түүнийг өөрийн өрөө рүү явах үед ээж нь надад нүдээ ирмээд, түүний цүнх рүү нь мөнгөө хийж билээ. Тухайн үед намайг Монголд оюутан байхад ээж минь бас л ингэж байсан гэж бодогдоход хүргэсэн. Тэр эцэг эхтэй маш халамжтай, үргэлж ойр байж тусалдаг, тиймдээ ч гэрээсээ хол ажиллах сонирхолгүй. Түүний эхний ажил нь тэднийхээс 200 гаран км зайд байсан ч тэр долоо хоног тутам аав ээжээ эргэж тойрч, өдөр бүр утсаар ярьдаг байсан нь үнэхээр гэр бүлсэг сайхан санагдаж байлаа. Би тэгэхэд эцэг эхийнхээ барааг 2 жил хараагүй, хагас жилдээ нэг удаа ярьж байсан маань ичмээр ч юм шиг. Тэр машинаар яваад ирсэн үедээ заавал ээж рүүгээ залгаж би сайн явж ирлээ гэдэг байсан нь энгийн ч гэсэн эх хүний сэтгэлийг ойлгосон сайхан үйл юм. Тэдний дунд байсан минь жирийн германчуудын энгийн амьдралыг мэдэрч, тэд бидний л адил эцэг эхээ гэсэн сайхан халуун дулаан уур амьсгалтай сайхан амьдардаг улс гэж ойлгодог болсон.
Германчуудыг хүйтэн хөндий улс гэдэг. Үүнтэй би санал нийлдэггүй. Миний үзэж харсан тиймгүй. Тэд ямартай ч худалч биш, тусархуу (гэхдээ чинь сэтгэлээсээ), нөхөрсөг, хүнийг ойлгохыг хүсдэг, хүний тусыг мартдаггүй улс, ёстой манайханы хэлдэгээр за гэвэл ёогүй улс. Үүнтэй олон хүн санал нэгдэх байх. Тэд манайхан шиг нэг нэгнийхээ урд орох гээд зэрэгцээд зүтгээд, эсвэл нэгнээ хойноос нь чангаагаад байдаг хүмүүс биш. Харин түүний оронд машинтай, явган ямар ч үед найрсагаар зам тавиад өгдөг.
Миний нэг сайн найз байдаг, юу гэх юм Kumpel дээ. Бид хамт сурч хамт амьдарч байлаа. Мань хүнд мөнгө байр аль нь ч байгаагүй, тэгээд миний хөлсөлсөн байранд надтай хамт байдаг байв. Би түүнийг ажил хийгээд орой ирэхэд нь хоол хийгээд тавьсан байж билээ, дараа намайг хичээлээс орой ирэхэд хоол хийгээд гэрийг маань цэвэрлэсэн байсан. Одоо тэр надад майл бичихдээ үргэлж p.s. гээд манайд ирээч, би ийм том өрөөтэй чи манайд амьдарч болно, хуушуур идмээр байна гэдэг. Намайг нутаг буцлаа гэхэд хаа байсан 300-аад км цаанаас ирж уулзаж байхав дээ. Тэр бол үнэхээр энгийн даруу эр хүн шиг сайн залуу байв. Сүүлд сургууль төгсөлтийн баяр дээр тэр надад чамд баярлалаа гэж билээ. Түүнээс би бас их зүйл сурсан, баярлаж явдаг. Тэр хэцүү байсан үеэ харин үргэлж сайн сайхан байснаар дурсан ярьдаг. Юутай ч миний ойр байсан германчууд дотор хүйтэн хөндий, муу улс байсангүй.
Өөрийн үзэж харсанаас гадна Германд амьдарч байх хугацаанд олж мэдсэн, хамт үзэж өнгөрүүлсэн минь бас л их юм. Эхэндээ гайхдаг л байлаа, тэгэхээс аргагүй юм. Нобелийн шинжлэх ухаан, техник, эрүүл мэндийн салбарт шагнал авагчидийн 70-аад хувь нь Германчууд нээлт хийсэн байдаг. Герман бол үйлдвэрлэгч гүрэн, тэд олон зүйл үйлдвэрлэж экспортлон дэлхийн зах зээлд гаргадаг. Тэд үйлдвэрлэж байгаа бүх зүйлдээ тухайн салбартаа тэргүүлэгч байх юм. Автомашин бол ойлгомжтой, тэд дэлхийд анхны автомашиныг үйлдвэрлэсэн. Дэлхийд одоо хамгийн өргөн хэрэглэж байгаа Бензин, Дизель хоёр төрлийн хөдөлгүүрийг Отто, Рудолф Дизель гэдэг хоёр герман оюутанууд зохион бүтээж, тэдний нэрээр нэрлэсэн байх юм. Одоо хямрал гээд Америкийн автомашины үйлдвэрүүд дампууралын ирмэгт байхад, тэд Америк дахь зах зээлээ нэмэгдүүлэж байна. Төмөр замын хувьд ч тэдний зам төмөр, зүтгүүр сайн олон жилийн настай байдаг. Тэд цахилгаан соронзон галт тэргийг дэлхийд анх гаргаж үйлдвэрлэсэн. Тэдний хийсэн Transrapid одоо Шанхайн нисэх буудал, хотын хооронд явж байгаа. Зам төмрийн уулзварууд нь бүгд гагнаастай, энэ гагнах арга технологийг эд гаргаж ирсэнийг энэ сэдвээр ажил бичиж байхдаа мэдэж авсан. Одоо европын болон бусад орнуудын төмөр замын хөдөлгөөн удирдлагын систем ихэнхдээ Siemens фирмийнх байдгийг сурч байх үедээ олж мэдсэн юм. Нисэх онгоцны хувьд ч гэсэн, тэд дэлхийн анхны Jet нисэх онгоцыг үйлдвэрлэсэн байдаг. Одоо ч германчууд европын бусад улстай хамтран хийсэн Airbus A380 дэлхийн хамгийн том, тохилог найдвартай нисэх онгоц болж чадсан байх юм. STIHL гээд модны хөрөө, гэр ахуйн газар хаглагч, зам барилгын таслагч, хөрөөдөгчийг үйлдвэрлэгч фирма байдаг. Тэд бас л дэлхийд тэргүүлэгч, анхны модны моторт хөрөөг үйлдвэрлэсэн, хэдийгээр үнэтэй ч бүтээгдэхүүнүүд нь зах зээлд эрэлт ихтэй, түүний чанартай энэ зэрэгцэхүйц бүтээгдэхүүн байдагүйг энэ фирмад ажиллаж байх үедээ мэдсэн юм. Miele-н гэр ахуйн хэрэгсэл, угаалгын машин, Bosch-н багаж хэрэгсэл, WMF-н гал тогооны хэрэглэл гээд дэлхийд чанар нь гайхагдсан бүтээгдэхүүнүүд байдаг. Манай эмч нар андахгүй юм билээ, Германы эмнэлэгийн багажууд, эрчимт эмчилгээний төхөөрөмж сураглаж байдаг. Спортын хувцасыг ах дүү хоёр Германы addidas, puma фирмгүй төсөөлөшгүй. Одоо зарим үсчингүүд хүртэл герман үсний машин, дуу багатай эдэлгээ сайн гээд ам сайтай байдаг.
Тэдний үйлдвэрлэж байгаа цэргийн зэвсэг техникүүд, шумбагч онгоц, танк, автомат буу гээд сайн чанарын бүтээгдэхүүнүүд байдаг. Сонирхолтой нь миний сурч байсан сургуулийн хуучин буурь нь бидний мэдэх автомат бууны үйлдвэр байсан. Манай хөдөөнийхөн андахгүй дээ, япон винтов мурийдаг, германых бол найдвартай гэж ярьдаг. Дэлхийн мэргэн буучдын 90-д хувь нь герман буу эзэмшиж байдаг. За энэ автомашин, онгоц, төмөр зам, хөрөө, угаалгын машин, буу зэвсэг яахав, үнэхээр чанартай сайн нь батлагдсан зүйлс. Харин хамгийн гайхалтай нь тэдний сургасан ноход дэлхийн аварга, морьд нь бүр дэлхийн болон олимпын хошой аварга болсон байдаг.
Үүнд чухам яаж германчууд бүгдэд тэргүүлэгч байж, маш сайн хийж чадаж байна.
Би амралтаараа ажил хийж байх үедээ, нэгэн эмгэнийд өрөөг нь хөлсөлж байсан. Бид заримдаа дайны болон дараах үеийн талаар ярилцдаг байлаа. Дайний дараа Германы томоохон хотууд бүрмөсөн сүйдсэн, түүний нэгэн адил Stuttgart хотыг, Mercedes Benz-ний үйлдвэрийг Америкчууд бүтэн байшингүй шахам бүгдийг нь бөмбөгдсөн гэсэн. Stuttgart маш сайхан уран барилгатай үнэхээр сайхан хот байсан гэж ярьж суусан. Дайн дууссаны дараа Герман эрчүүд хоригдол болж Орос, Итал, Франц гээд улсад ажиллаж, харин германд эмэгтэйчүүд үлдэж үнс нурам болтол бөмбөгдүүлсэн хотоо цэвэрлэх ажлыг хийсэн гэдэг. Одоо ч Stuttgart хотын Weilimdorf-д гэдэг газар уул мэт хоёр том хэсэг газар байдаг, тэр бол хуучин хотын үнс нурам билээ. Тэдэнд ямар ч техник байгаагүй энэ бүхнийг гараараа хийдэг байсан. Бүр идэх зүйл ч байхгүй, төмсний хаягдал хальсийг чанаж шөлийг нь уудаг байсан гэсэн. Тэдний BMW-г Оросууд дайны төлбөрт авсан, Mercedes Benz-г нь Америкчууд бөмбөгдсөн. Тэдний улсын халаасанд нь ямар ч мөнгө байгаагүй. Би өнгөрсөн жил Bad Salzungen гэдэг газар хуучны анд Вьетнам найзындаа очсон юм. Бид хамтадаа газрын гүнд 800 метрийн доорх давсны музей үзэж сонирхлоо. Дайн дуусахын өмнөхөн тэнд Германчуудын сүүлчийн үнэт зүйл болох их хэмжээний алт, банкны тэмдэгтүүд, үнэлж баршгүй түүхийн дурсгалт зүйлс, эрдэнсийг нуусан байсныг Америкчүүд олж бүгдийг нь авсан гэдэг. Ингээд мөнгө ч үгүй, үйлдвэр ч үгүй, үнсэн дундах улс орноо яаж дэлхийн тэргүүний аж үйлдвэрлэгч улс болгож чадсан байна аа. Би олон Германтай, тэдний дунд дайны үед цэргийн офицер байсан хүмүүстэй дайны талаар ярилцаж байхад, тэд үнэхээр үнэн голоосоо дайныг жигшиж байсан юм. Бүр Монголд хамт ирсэн найз минь хүртэл Герман хас тэмдэгийг манай залуус машин, мотоцикл дээрээ наасаныг хараад, зэвүүцэж „Idiot“ гэж билээ. Харин би сүүлд Монгол Хас, Герман хас тэмдэгнээс ялгаатайг мэдсэн. Германы дэд бүтэц, авто зам, төмөр замын сүлжээ, хотуудын хөгжил үнэхээр гайхалтай. Яаж тэдний хийсэн бүхэн чанараар гайхагдаж чадаж байна. Адаглаад энэ олон оюутаныг яаж үнэ төлбөргүй сургаж байна.
Одоо Монголын бас Оросын ТВ-н суваг үзэж байхад рекламаар нь Герман чанар, Герман технологоор хийсэн гээд өөрсдийн зүйлээ зарах гэж магтаад байх юм.
Бид хямрал гээд яриад байдаг, үнэндээ манайд хямрал гэх юу байхав дээ. Зэсийг эс тооцвол. Харин Германчууд хямралд хамгийн их өртсөн, учир нь тэд экспортлогч гүрэн. Саяхан би Deutsche Welle үзэж суухад одоо тэд хямралаар гарч байна гэж ярьж байх юм. Харин тэд чухам яаж энэ хямралыг давж байна гэдгийг би энэ үед байснаараа мэдэх юм, үүнийг дараа бичнэ. Уншигч та болгооно биз, үнэндээ Германчууд ийм л улс юм билээ.
Mittwoch, 23. Dezember 2009
Abonnieren
Posts (Atom)