Samstag, 9. Mai 2009

Харь нутагт суугаа нутаг нэгт Монгол ахан дүүсээ, залуусаа

Та бүхний энэ өдрийн мэндийг эрэн Герман улсаас мэндчилье. Би бусдын адил Германд сурч боловсрон ажиллаж байгаа нэгэн. Би хэдэн долоо хоногийн өмнө Миний Монгол нийтлэл бичсэн, үүнтэй зэрэгцээд Англи, Америкаас гээд Монголоо гэсэн залуус эх орондоо байгаа болохгүй зүйлийг болгоё хэмээн өөр өөрсдийн дуу хоолойгоо илэрхийж байна. Миний бие харь нутагт суугаа Монгол залуус та бүхэнд хэлэх уриалга байна.
Тиймээ гадаадад байгаа Монголчууд маань хэдийгээр гадаадад ажиллаж байгаа ч, Монгол улсдаа их нэмэр болж байгааг хэлэх илүүц биз ээ. Сонин хэвлэлээс үзэхэд гадаадад болон Германд ажиллаж амьдарч байгаа Монголчууд маань бүгд л нутаг буцах болоогүй гэж хэлдэг. Харьд байгаа Монголчууд олох мөнгөнөөс илүүтэйгээр хүний сайн сайхан амьдралын нэгээхэн хэсэг болох тохьтой тухтай орчинд, эрүүл амгалан ажиллаж амьдрахыг илүүд үзэж байна. Хүүхдээ эрүүл сайхан орчинд өсгөж хүмүүжүүлэх, сайн сургуульд явуулж, бие даах хүртэл нь харьд байх бодолтой байдаг. Орой үдэш гадагшаа гарахаас айх аюулгүй орчин, тухтай алхах цэцэрлэгт хүрээлэн, эсвэл үр хүүхдээ цэнгүүлэх усан сан, амьтны хүрээлэн гээд амьдралын энгийн зүйл болох маш олон зүйл үгүйлэгдэж байгаа. Тэр бүгд нь Монгол оронд маань одоо болтол бүрдэж өгөхгүй байгаа нь тэдний буцаж чадахгүй байгаа үндсэн шалтгаан. Нөгөөтэйгүүр одоо Монголд ноёрхоод байгаа хүнд сурталаас хүн бүхэн залхаад байна. Юм хийх болгонд танил тал, мөнгө харж байгааг би өөрөө Монголд байхдаа энэ байдлыг ихээр мэдэрсэн. Монгол түр очоод ирсэн хүн бүр л, ээ дээ хичнээн сайн сургуулиа төгсөөд Монголд танил тал байхгүй бол хэцүү дээ, гэж хэлдэг. Одоо тэгээд бид улсдаа мэдлэг боловсролоо зориулахын тулд заавал танил тал харж ажилд орох хэрэгтэй юу? Төрийн албанд уул нь сайн менежмэнт суулгаж чадах, мэдлэг чадвартай, шударга боловсон хүчин үгүйлэгдэж байгаа, харин тэд маань хувийн байгууллагад эсвэл гадаад улсад үлдэж ажиллаж байна. Үүнд дээр хэлсэнчлэн хүн таатай амьдрах орчин үгүйлэгдэж, улсын болон хувийн газар ажиллах сарын орлогын зөрүү илтгэж байгааг та бүхэн мэдэх биз дээ. Хувийн байгуулагууд гадаадад сурсан аль сайн гэсэн хүмүүсийг өндөр цалин, орон сууцаар хангаж, ажиллуулаж байна, түүндээ ч Монголд хувийн салбарууд сүүлийн үед түлхүү сайн хөгжиж байгаа.
Тиймээ та бидний шүүмжлэх зүйл их байгаа, тэр утгаараа энэ бүхэн чинь та бидний хийх зүйл биш гэж үү? Эх оронд минь болохгүй байгаа тэр чанаргүй хүнс тэжээл, эмнэлгийн үйлчилгээ, боловсрол, нийгмийн үйлчилгээ, ажлын байр хангалтгүй , хууль дүрэм, хүнд суртал, байгаль орчины бохирдол за тэгээд миний дуртай замын хөдөлгөөн энэ бүхнийг хэн хийх юм бэ? Эндээс бид интэрнэт дээр шүүмжлээд, үзэл бодолоо илэрхийлээд суугаад байх уу? Эсвэл төр засаг минь биднийг тат, улс орноо сайхан болго дараа нь бид очно гэх хэлэх уу? Энэ чинь нөгөө л зуданд төр засгаас өвс гуйсан малчин мэт, гэрээ бариад, хоолоо хийчих болохоор нь намайг дууд гэсэнтэй адил, бид ингэж хэлэх эрхгүй. Үнэхээр та тэр санаанд чинь хүрэхгүй байгаа зүйлийг болгох талаас хараад, шинэ дэвшилтэй аргаар сэтгээд, ингэх хэрэгтэй, надад шинэ санаа байна, би чадна гэж байвал түүнээ боловcруулаад ажил болго. Хэзээ нэгэн цагт Монгол сайхан хөгжих болно гэж бүү хүлээ, энэ бүхнийг ганцхан та бид л хийх хэрэгтэй. Бид өнөөдөр Гадаад Хэргийн Яамаа хэдэн хүн гадаадад хаана юу хийж байгаагаа мэдэхгүй, эсвэл иргэний бүртгэл мэдээллийн сан муу гээд шүүмжлээд байдаг. Тэгвэл одоо бид өөрсдөөсөө эхлэх ёстой. Германд сурч байсан болон төгсөгчидийн нэгдсэн бүртгэл байдаг, үүнд хэн, хаана, аль хотод, хэдэн онд ямар мэргэжлээр төгссөн, одоо хаана ажиллаж байгаа гээд. Үүнтэй адил Америк, Англи, Япон дахь залуусаа та бүхэн өөрсдийн байгаа улсынхаа, хотынхоо Монголчуудын нэгдсэн сан хийгээч. Энэ чинь хамгийн бодитой мэдээллийн сан болох бөгөөд, бидний хэлээд байгаа тэр болохгүй байгаа асуудлын аль салбарт хэн ямар хувь нэмэр оруулж чадах вэ гэсэнд хариулт өгнө. Бид Монголд тийм ийм гээд дурдаад, шүүмжлээд байгаа бүхнийг эх орондоо өөрсдөө очоод өөрсдийн оюун ухаан, мэдлэг чадвараар хийх хэрэгтэй. Тэгж байж бид бидний хүсээд байгаа тэр сайхан хөгжлөө Монголдоо босгоно. Дэлхийн олон оронд тархсан Монгол залуус өөр хоорондоо нэгдэн, өөрийн чадах мэдэхээ эх орондоо зориулбал бид чадна. Өнөөдөр Герман улс техник технологи, чанартай бараа, ажлын арга барилаараа дэлхийд тэргүүлэгч байдаг. Энэ хаа ч өндөр үнэлэгддэг Made in Germany гэдгийн ард тухайн бүтээгдэхүүнийг зохион тооцон гаргаж ирж байгаа инженерүүд байдаг гэж үздэг. Би энэхүү нэр хүндтэй Германы Диплом инженер нэрийг зүүж, улсдаа хэрэгтэй мэргэжил эзэмшсэндээ баярлаж байдаг. Тэгвэл би улсдаа юу хийж чадах вэ, бид юу хийх ёстой юм? Одоо Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд үүсээд байгаа замын түгжрэлийн талаар мэргэжлийн тооцоо үнэлэлт дүгнэлт өгөөд, энэ байдлаас гарах бүрэн дүүрэн гарч болох саналууд надад байна.
Монголд Метро барина гээд яриад бичээд байдаг, энэ талаар Монголд Жайка-ийн Доктор Нагаяма гуайтай хувийн журмаар уулзаж, тэдний хийж байгаа судалгааны талаар санал бодлоо солилцсон юм. Үнэхээр сайхан хэрэг л дээ, бид үүнд олон зүйлийг сайн тооцох хэрэгтэй. Тэд тээврийн хэрэгслээ газар доогуур 5 км орчим явуулна гэж үзэж байгаа. Энэ бол маш их өндөр өртөгтэй, энэ бүх зүйлийг их хөрөнгөөр барьж байгуулсан ч, бидэнд цаашид ашиглалтын үед эдийн засгийн хувьд хүндрэлтэй. Учир нь газар өрөмдөх нь өөрөө их өртөгтэй, түүний бетон байгууламж, ашиглалтын үеийн зардал болох, өдөр шөнөгүй гэрэлтүүлэлт, арчилгаа хамгаалалт гэх зэргээс цаашид эндээс гарах зардал жил бүр л улсын халааснаас гарах болно. Миний бодлоор болон гадаадын олон хүмүүстэй саналаа солилцож байхад, манайд хөнгөн хялбар хийцийн, одоо Герман, Бельги, Франц-д яваад байгаа хот доторх трамвай (City Tram) манай хотод их тохиромжтой гэж үздэг. Байгууламжийн хугацаа, байгуулалтын болон ашиглалтын зардал харьцангуй бага, манай Улаанбаатарын хувьд хүн тээвэрлэлтийн горимын болоод газар, орон зайн болон байгууламжийн хувьд маш тохиромжтой, энэ давуу талаа ашиглаад олон салбар замууд байгуулах боломжтой.
Бид мөн урд чиглэлд хос төмөр зам тавина гэж байгаа, энэ наанадаж 4-5 жил шаардана. Тэр болтол яаж төмөр замаа алдагдалгүй ашиглах хэрэгтэй вэ? Одоо Германы төмөр зам Бээжингээс Берлин хүртэл Контайнерын ачаа таталт хийхээр төлөвлөсөн байгаа. Усан замаар тэд нэг удаад 10.000 хүртлэх Контайнер тээдэг, түүний 100 Контайнерийг нэг цуваа болгон Монгол, Оросын төмөр замаар дамжуулан татах сонирхолтой. Одоо манай төмөр зам алдагдалтай ажиллаад Транзит тээвэр хүсээд байдаг, харин бэлэн тээвэр гараад ирэхэд, түүнийг тээвэрлэх нөхцөл ямар билээ. Энэ боломж манай улсад маш ашигтай. Тэдний хувьд хугацаа, хурд маш чухал, тиймдээ үнэтэй ч энэ замыг сонгож байгаа. Харин манай төмөр зам 30 жилийн настай 2M62 хуучин зүтгүүрүүдтэй, зам төмрийн бэхэлгээ муу, суларч хуучирсан. Эдгээр хуучин зүтгүүр өөрийн жин ихтэй дээр түлш их хэрэглэдэг учир, цуваандаа 40-50 вагон татаж байж ашигтай байх боломжтой. Хуучирсан зүйлээр мөнгө олоод ашигтай ажиллана гээд байх утгагүй, бидэнд зайлшгүй техникийн шинэлэл хэрэгтэй. Үүний тулд бид хөнгөн чанарын хурд сайтай орчин үеийн шинэ зүтгүүртэй болох шаардлага бидэнд зайлшгүй тулгарч байгаа. Манай одоогийн зам төмөр үнэндээ сайн чанарын ган, харин үүнийг техникийн шинэ дэвшилтэйгээр уулзваруудыг гагнаж, сайн бөхөлж өгөх хэрэгтэй, ингэснээр одоогийхоос 2 дахин илүү буюу цагт 120 км илүү хурдтайгаар аялаж чадах бөгөөд техникийн үзүүлэлтээр бусад орны жишигт хүрч, хамгийн чухал нь ачаа эргэлт, зорчигч тээвэрлэлт нэмэгдэж, зарлага бага болж, төмөр зам маань алдагдалгүй ажиллах боломжтой гэж үздэг. Суудлын галт тэргийг ч мөн бага оврын түргэн галт тэргээр солих шаардлагатай. Одоо бид 4 цагт туулах замыг 8 цагт туулж байна, үүнээс үүдэн зорчигчидоо алдаж, алдагдалтай байгааг төмөр замын удирдлагууд ярьж байдаг (харьцуулалт: Тємєр замд хямралыг давах ямар ч тооцоо, тєлєвлєгєє алга). Энэ техникийн дэвшилт нь манай орны одоогийн нөхцөлд тохирох бөгөөд байгаа юмаа чанаржуулаж, богино хугацаанд алдагдалыг багасгаж, ашигтай ажиллах боломжтой.
Улаанбаатарт учраад байгаа одоогийн олон хүндрэлтэй асуудлууд болох утаа, хот төлөвлөлт, дулаан цахилгаан, усны хангамж, хог энэ бүхнийг шийдвэрлэхэд энэ чиглэлээр боловсорсон сайн залуус тухайн салбар бүрт хэрэгтэй. Германы болон Европын хотууд аж үйлдвэрлэлтийн үед хэрхэн утаагүй болгосон, хот руу нүүсэн нүүдлийг яаж саармагжуулсаныг (Dezentralisierung болон Suburbanisierung) бид мэдэж байгаа, яагаад гэвэл бид энд амьдарч энэ талаар судалсан. Зөвхөн сурсанаас гадна, сургалтын болон хувийн шугамаар Европын улс хотуудаар явах, төслийн ажлын үед энэ бүхнийг хэрхэн шийдвэрлэсэн талаар сонирхож үзэж, манайд хийх боломжийн талаар бодож явдаг.
Олон Монгол оюутан залуус Mercedes Benz, BOSCH, Porsche, STIHL, Siemens гээд Герман улсыг дэлхийд алдартай болгосон эдгээр үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд гар бие оролцоод явж байна. Энэ нь биднийг ажлын цаг барихаас эхлэн ажлаа нягт алдаагүй хийх, германчуудын тавих шаардлагыг бүрэн гүйцэтгэсэн чадвартай болгосон.
Би бодохдоо төрд маань бидний сурсан зүйл хэрэгтэй, нэг хүн ч эртхэн очиж улсдаа тэр мэдлэг боловсролоо зориулаасай гэж бодох юм. Бид цөөхүүлээ, сайн мэргэжилтэнүүдээ харьд алдаад байж болмооргүй санагдаж байна.
Дэлхийн олон оронд амьдарч байгаа Монголоо гэсэн залуус өөр хоорондоо нэгдэн эх орондоо очин өөрсдийн мэдсэн сурсанаараа улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулах хэрэгтэй. Тухайн салбар бүрт чадварлаг сайн мэргэжилтэнүүд ажиллавал тэд салбар бүртээ шинэчлэлт хийж улмаар олон улсын жишигт хүргэж чадна. Ингэснээрээ төрийн ажлыг шудрага цэгцтэй хийж, түмэн олондоо хэрэгтэй зүйл ихийг бүтээж чадна.
Энэ жилдээ биш юм гэхэд ирэх жилээс нутаг буцахаа төлөвлөөрэй залуусаа. Төрийн төлөө огтоно яана,, гэдэг үг манжийн үед гарч ирсэн ядарсан хүний үг шүү, их удвал эргээд энэ үг гарахгүй гэхгүй, бид шинэ Монголын залуус.
Тиймээ төрийн цалин сарын цайндаа хүрэхгүй дуусах байх, тэглээ гээд няцах хэрэггүй шүү андаа. Өөдөөс чинь хичнээн үзээд ч дийлэхгүй хүчтэй тулгарч мэднэ, тэр үед хамтдаа байна шүү залуус минь.
Харьд сайхан ажил хийж сайн нэртэй явж чадна, үүнд эцэг эх минь баярлана. Харин эх орныхоо хөгжилд мэдлэг оюунаа зориулбал эцэг эх, эх орон минь эргээд үлдэх үр хүүхэд минь бахархах болно.

5 Kommentare:

  1. Mash mundag bichsen bna. Olon Zaluus maani bas iim bodoltoi yavdag gedegt bi ergelzehgui bna. Hiih n l chuhal!!!
    Bi bas ireh jilees mongoldoo ochij uuriin salbartaa medsen sursanaa garganaa gej bodoj yavna. Medeej odoogiin bgaa Mongoliinhoo niigemees holdood udaj bna. Uzsen harsan sonssonoor bol ih l hezuu bna. Gehdee setgeleer uuriiguu mash undur beltgej bgaa. Buh tohioldoj boloh saad tulguuriig ali boloh shantrahgui davan tuulj, zuv shudraga ajilgaa mun bolovsrongui uilchilgeeg hiine gedegtee itgeltee bgaa.
    Bidnii eej aav zaluu nasandaa bas l hiij buteene gej yavsan. Uls turiin ogzom uurchilult ard tumnii maani oyun bodoliig, amidraliig harah erunhii uzeliig esreg chiglelruu bolgoj chadlaa. Joohon bgaa hun chanaraa hadgalj eh oron, eej aaviigaa, ur huuhdee shudraga ayulgui zeverhen, hugjiltei, bolovsroltoi orchind amidrah ter l nuhzuliig bid bugd l hiine.
    Hun hunii gert zochilj ochichihood yasan goy ail vee geed tend suugaad bhgui. Gertee harij geree goy bolgodog.
    Terentee adil bid gertee harij geree goy bolgoh zag ali deer bolchihloo ZALUUSAAA!!

    AntwortenLöschen
  2. Олон зүйл бодуулахаар сайхан өгүүлэл бичжээ, адил үзэл бодолтой олон залуус гадаадад сур ч ажиллаж байгааг мэднэ. Тэд монгол орноо хөгжүүлэхийн тулд янз бүрийн аргаар туслахыг хичээж байдаг. Өнөөдөр би энэ нийтлэлийг уншихаас өмнө төмөр замаа сайжруулахаар мянганы сорилоор орж ирсэн төслийн зардлыг өөр төслүүдэд хэрэглэх тухай www.sonin.mn оос уншаад дэд бүтцийнхээ хөгжилд гол нөлөө үзүүлэх зам тээвэртэй зориулахгүй байна даа гэж харамсаж байлаа. Өгүүллийг уншаад харин урам орж баярлалаа.

    AntwortenLöschen
  3. Tun dakgui saixan bichsen bn...

    TRAM baiguulax deer sanal neg bn...
    TROLLEIBUSnii buudliig bas zamiin gol xesegt xiij ogox ni BUS STOP deer xvn shavaldaxgv amar bx. TRAM TROLLEI 2 neg gazar zogsood bn bolox bx gej bodoj bn...

    Tvvnees gadna ene zamiin temdeglegeenii asuuudal ix chuxal xeregtei bnaa... Xevtee bosoo tenxlegiin bolon gol tomooxon zamuudaa dugaarjuulax xeregtei bn. Tegexgvi bol neg ner bichsenees dugaartai baival MAP ene ter gargaxad amar tegeed ch evteixen bdag yum...

    Ded bvttsiig xogjvvlex xeregtei bn...

    Za etsest ni xamgiin chuxal zvilee bciheye... Xvvxed zaluusiin xvn chanar uxamsariig deeshlvvlex tal deer mash yaraltai yum xiixgvi bol odoo mongold garch bgaa gemt xereg tegeed bas zaluusiin baidliig xaraxad bol ireedvi bvrxeg xaragdaj bn...

    Ene tal deer xamtran ajillaya...

    AntwortenLöschen
  4. Сайхан бичжээ. Олон хүн уншаасай.

    AntwortenLöschen